Хэдийгээр Бурханы уур хилэн нуугдмал хүнд мэдэгдэхгүй байдаг ч, энэ нь ямар ч доромжлолыг тэвчдэггүй
Бүхий л мунхаг, мэдлэггүй хүн төрөлхтөнд хандах Бурханы хандлага нь үндсэндээ өршөөл энэрэл, хүлээцтэй байдалд суурилдаг. Нөгөө талаар, Түүний уур хилэн нь асар урт хугацаанд, аливаа зүйлсэд далдлагдаж байдаг; энэ нь хүнд мэдэгддэггүй. Үүний үр дүнд Бурхан Өөрийн уур хилэнг үзүүлж байгааг харах нь хүний хувьд хэцүү байдаг бөгөөд мөн Түүний уур хилэнг ойлгох нь ч хэцүү байдаг. Ингэснээр хүн Бурханы уур хилэнг үл тоодог. Хүн Бурханы сүүлчийн ажил болон хүнийг тэвчиж, уучлах алхамтай нүүр тулах үедээ–өөрөөр хэлбэл, Бурханы эцсийн өршөөл энэрэл, Түүний сүүлчийн анхааруулга тэдэнд хүрэх үед–хэрвээ тэд Бурханыг эсэргүүцэх өмнөх аргаа хэрэглэсээр, гэмшихийн тулд ямар ч хичээл чармайлт гаргахгүй, өөрийгөө засахгүй, Түүний өршөөлийг хүлээн авахгүй бол Бурхан цаашид тэдэнд хүлээцтэй, тэвчээртэйгээр хандахгүй. Эсрэгээрээ, энэ үед Бурхан Өөрийн өршөөлийг үзүүлэхээ болих болно. Үүний дараа Тэр зөвхөн Өөрийн уур хилэнг л илгээх болно. Хүмүүсийг шийтгэж, устгахдаа Тэр өөр өөр арга хэрэглэдгийн адилаар Тэр Өөрийн уур хилэнг өөр өөр арга замаар илэрхийлж чадна.
Содом хотыг устгахдаа Бурхан гал ашигласан нь хүн төрөлхтөн эсвэл ямар нэг зүйлийг бүрмөсөн үгүй хийх хамгийн хурдан арга нь байсан юм. Содомын ард иргэдийг шатаасан нь тэдний махан биеийг устгахаас илүү зүйл байсан; энэ нь тэдний сүнс, тэдний сэтгэл, тэдний биеийг бүхэлд нь устгаж, энэ хотод байсан хүмүүс бодит ертөнц болоод хүнд үл үзэгдэх ертөнцийн аль алинд оршин байхыг болиулсан. Энэ бол Бурхан Өөрийн уур хилэнг илчилж, илэрхийлдэг нэг арга зам юм. Ийм төрлийн илчлэл ба илэрхийлэл нь Бурханы уур хилэнгийн мөн чанарын нэг тал бөгөөд энэ нь мөн Бурханы зөвт зан чанарын мөн чанарын илчлэл билээ. Бурхан Өөрийн уур хилэнг илгээх үедээ, ямар ч өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлийг илчлэхээ больдог ба Тэр Өөрийн хүлээцтэй байдал эсвэл тэвчээрийг цаашид харуулдаггүй; үргэлжлүүлэн тэвчээртэй байж, Өөрийн өршөөл энэрлийг дахин хүртээж, Өөрийн хүлээцтэй байдлыг дахин нэгэнтээ хайрлахад Түүнийг хүргэх ямар ч хүн, зүйл эсвэл учир шалтгаан байхгүй. Эдгээр зүйлийн оронд, ганц хором ч эргэлзэхгүйгээр Өөрийн хүссэн зүйлээ хийхийн тулд Бурхан Өөрийн уур хилэн, сүр жавхланг илгээх ба Тэр эдгээр зүйлийг Өөрийн хүссэний дагуу хурдан, нямбай байдлаар хийх болно. Энэ нь Өөрийн уур хилэн болон сүр жавхланг илгээдэг Бурханы арга бөгөөд үүнийг хүн доромжлох ёсгүй, мөн энэ нь Түүний зөвт зан чанарын нэг талын илэрхийлэл юм. Бурхан хүний төлөө санаа зовинол, хайрыг харуулж байгааг хүмүүс нүдээр харах үедээ тэд Түүний уур хилэнг илрүүлж, Түүний сүр жавхланг харж эсвэл доромжлолыг тэвчдэггүй Түүний байдлыг мэдэрч чаддаггүй. Эдгээр зүйл нь, Бурханы зөвт зан чанар нь зөвхөн өршөөл энэрэл, хүлээцтэй байдал, хайрынх байдаг гэдэгт итгэхэд хүмүүсийг үргэлж хүргэдэг. Гэсэн хэдий ч, Бурхан хотыг устгаж эсвэл хүн төрөлхтнийг жигшихийг хүн харах үед, хүнийг сүйрүүлэх Түүний уур хилэн болон Түүний сүр жавхлан нь, Түүний зөвт зан чанарын өөр нэг талыг зэрвэс харах боломжийг хүмүүст олгодог. Энэ бол доромжлолыг тэвчдэггүй Бурханы байдал юм. Ямар ч доромжлолыг тэвчдэггүй Бурханы зан чанар нь ямар ч бүтээгдсэн зүйлийн төсөөллийг даван гардаг ба бүтээгдээгүй зүйлсийн дундаас нэг нь ч үүнд хөндлөнгөөс оролцож эсвэл үүнд нөлөөлөх чадваргүй; үүнээс ч илүүгээр үүнийг хуулбарлаж эсвэл дуурайж болохгүй. Тиймээс Бурханы зан чанарын энэ тал нь хүн төрөлхтний хамгийн их мэдэх ёстой зүйл юм. Зөвхөн Бурханд Өөрт нь л ийм зан чанар байдаг ба зөвхөн Бурхан Өөрөө л ийм зан чанарыг эзэмшдэг. Нүгэл хилэнц, харанхуй бүдүүлэг, тэрслүү байдал болон Сатаны хорон муу үйл хэргийг–хүн төрөлхтнийг ялзруулж, цөлмөдөг үйл хэргийг Тэр жигшдэг учраас, Түүнийг эсэргүүцдэг бүх нүгэлт үйл хэргийг Тэр жигшдэг учраас, мөн Өөрийн цэвэр, ариун мөн чанарын улмаас Бурхан ийм зөвт зан чанарыг эзэмшдэг. Үүний улмаас, ямар ч бүтээгдсэн эсвэл бүтээгдээгүй биетүүд Түүнийг илт эсэргүүцэж эсвэл сөрөхийг Тэр тэвчихгүй. Түүний нэгэнтээ өршөөл энэрэл үзүүлж эсвэл сонгож байсан хүн нь Түүний зан чанарыг уурлуулж, Түүний тэвчээр, хүлээцтэй байдлын зарчмыг зөрчих л юм бол Тэр өчүүхэн төдий ч өршөөлгүйгээр эсвэл тээнэгэлзэлгүйгээр Өөрийн зөвт зан чанарыг–ямар ч доромжлолыг тэвчдэггүй зан чанарыг илчилж, ил гаргах болно.
Бурханы уур хилэн бол бүх шударга хүч болон бүх эерэг зүйлсийн хамгаалалт юм
Бурханы үг, бодол, үйлдлийн эдгээр жишээг ойлгосноор чи Бурханы зөвт зан чанарыг буюу халдаж болшгүй зан чанарыг ойлгож чадсан уу? Эцэстээ хүн хэр их ойлгож чадахаас үл хамааран, энэ нь Бурханы Өөрийн цорын ганц зан чанарын нэг тал юм. Бурханы доромжлолыг тэвчишгүй байдал нь Түүний онцгой мөн чанар юм; Бурханы уур хилэн бол Түүний онцгой зан чанар; Бурханы сүр жавхлан бол Түүний онцгой мөн чанар юм. Бурханы уур хилэнгийн цаад зарчим нь зөвхөн Түүний эзэмшдэг ялгамж чанар болоод байр суурийг харуулдаг. Энэ нь мөн цорын ганц Бурханы Өөрийн мөн чанарын бэлгэ тэмдэг юм гэдгийг дурдахын ч хэрэггүй. Бурханы зан чанар нь Түүний хувийн төрөлхийн мөн чанар юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэ нь огтхон ч өөрчлөгддөггүй, мөн байршил солигдох болгонд ч энэ нь өөрчлөгддөггүй. Түүний төрөлхийн зан чанар нь Түүний дотоод мөн чанар юм. Тэр Өөрийн ажлыг хэн дээр хэрэгжүүлж байгаагаас үл хамааран, Түүний мөн чанар өөрчлөгддөггүй мөн Түүний зөвт зан чанар ч өөрчлөгддөггүй. Хүн Бурханыг уурлуулах үед Түүний илгээдэг зүйл нь Түүний төрөлхийн зан чанар юм; энэ үед Түүний уур хилэнгийн ар дахь зарчим өөрчлөгддөггүй, Түүний цорын ганц ялгамж чанар болон байр суурь ч өөрчлөгддөггүй. Түүний мөн чанарт нь өөрчлөлт гарсан учраас эсвэл Түүний зан чанар өөр элементийг бий болгосон учраас Тэр ууртай болдоггүй, харин Түүнд хандах хүний эсэргүүцэл нь Түүний зан чанарыг доромжилдог учраас уурладаг. Хүн Бурханыг аймшигтайгаар өдөөн хатгах нь Бурханы ялгамж чанар болон байр суурийг ихэд сорьдог. Бурханы үзэл бодлоор, Түүнийг сорих үедээ хүн Түүнтэй тэмцэлдэж, Түүний уур хилэнг шалгаж байдаг. Хүн Бурханыг эсэргүүцэх үед, хүн Бурхантай тэмцэлдэх үед, хүн Бурханы уур хилэнг тасралтгүй шалгах үед–өөрөөр хэлбэл мөн нүгэл өргөн тархсан байх үед–Бурханы уур хилэн аяндаа илчлэгдэж, харагдах болно. Тиймээс Бурханы уур хилэнгийн илэрхийлэл нь хорон муугийн бүх хүч оршин байхаа болих болно гэдгийг бэлгэддэг; дайсагнагч бүх хүч устгагдах болно гэдгийг энэ нь бэлгэддэг. Энэ бол Бурханы зөвт зан чанарын цорын ганц чанар бөгөөд энэ нь Бурханы уур хилэнгийн цорын ганц чанар юм. Бурханы дархан чанар болон ариун байдлыг сорих үед, шударга хүчнүүд хаагдаж, хүнд харагдахгүй байх үед Бурхан Өөрийн уур хилэнг илгээх болно. Бурханы мөн чанарын улмаас, газар дээр Бурханыг сөрж, Түүнийг эсэргүүцэж, Түүнтэй тэмцэлдэж байгаа бүх хүчнүүд нь хорон муу, ялзармал, шударга бус юм; тэдгээр нь Сатанаас гардаг ба түүнд харьяалагддаг. Бурхан шударга, гэрэл гэгээтэй, өө сэвгүй ариун учраас, Бурханы уур хилэн чөлөөлөгдөхийн хамтаар хорон муу, ялзармал, Сатанд харьяалагддаг бүх зүйл үгүй болох болно.
Хэдийгээр Бурханы уур хилэн урсах нь Түүний зөвт зан чанарын нэг илэрхийлэл боловч Бурханы уур хилэн нь хэзээ ч өөрийн байг ялгаварладаггүй эсвэл зарчимгүй байдаггүй. Эсрэгээрээ Бурхан яавч хурдан уурладаггүй мөн Тэр Өөрийн уур хилэн болон Өөрийн сүр жавхланг яаран илчилдэггүй. Нэмж хэлэхэд, Бурханы уур хилэн нь мэдэгдэхүйц хянагдаж, хэмжигдэж байдаг; үүнийг хүн хэрхэн уурлаж бухимдан, уураа гаргадагтай огтхон ч харьцуулшгүй. Библид хүн болон Бурханы хоорондын маш олон яриа тэмдэглэгдсэн байдаг. Эдгээр хүмүүсийн заримынх нь үг маш өнгөц, тоомсоргүй агаад хүүхдийнх шиг байдаг боловч Бурхан тэднийг цохин унагаагүй мөн Тэр тэднийг яллаагүй. Ялангуяа, Иовын шалгалтын үеэр Иовд хэлсэн тэдний үгийг сонссоныхоо дараа Ехова Бурхан Иовын гурван найз болон бусад хүмүүст хэрхэн хандсан бэ? Тэр тэднийг ялласан уу? Тэр тэдэнд хилэгнэсэн үү? Тэр иймэрхүү төрлийн юу ч хийгээгүй! Үүний оронд Тэр тэдний төлөө гуйж, тэдний төлөө залбирахыг Иовд хэлсэн; нөгөө талаар Бурхан тэдний алдааг үнэн сэтгэлээсээ авч үзээгүй. Эдгээр тохиолдлууд нь бүгд, ялзармал, харанхуй бүдүүлэг хүн төрөлхтөнд ханддаг Бурханы үндсэн хандлагыг илэрхийлдэг. Тиймээс, Бурхан уур хилэнгээ гаргах нь ямартай ч Өөрийн ааш авираа илэрхийлж, гаргаж байгаа байдал биш юм. Бурханы уур хилэн нь хүний ойлгодог шигээр уур уцаар нь бүхэлдээ дүрсхийн гарч байгаа хэрэг биш. Бурхан Өөрийн зан авираа барьж чадахаа больсон учраас эсвэл Түүний уур буцалж, үүнийг гаргах ёстой болсон учраас Тэр Өөрийн уур хилэнг гаргадаггүй. Эсрэгээрээ Түүний уур хилэн нь Түүний зөвт зан чанарын илрэл, Түүний зөвт зан чанарын жинхэнэ илэрхийлэл юм; энэ нь Түүний ариун мөн чанарын илчлэлийн бэлгэдэл юм. Бурхан бол уур хилэн, ямар ч доромжлолыг тэвчдэггүй–энэ нь, Бурханы уур хилэн нь учир шалтгаануудыг хооронд нь ялгаварладаггүй эсвэл зарчимгүй байдаг гэсэн үг биш; харин ялзармал хүн л зарчимгүй, учир шалтгаануудыг хооронд нь ялгаж чаддаггүй дүрэлзсэн уур хилэнтэй байдаг. Хүн байр суурьтай болмогц түүний хувьд өөрийн зан авирыг хянах нь хэцүү болдог ба иймээс тэр өөрийн сэтгэл ханамжгүй байдлыг илэрхийлж, өөрийн сэтгэл хөдлөлийг гаргах тохиолдлуудыг таатайгаар шүүрэн авдаг; өөрийн чадварыг илчилж, түүний байр суурь, ялгамж чанар нь энгийн хүмүүсийнхээс ялгаатай гэдгийг бусдад мэдэгдэхийн тулд тэр ямар ч шалтгаангүйгээр байнга дүрэлзэн уурлах болно. Мэдээж ямар ч байр суурьгүй ялзармал хүмүүс ч мөн олон дахин хяналтаа алддаг. Тэдний уур нь ихэвчлэн тэдний хувийн ашиг сонирхол хохирсноос үүсдэг. Өөрсдийн хувийн байр суурь, нэр хүндээ хамгаалахын тулд ялзармал хүн төрөлхтөн өөрсдийн сэтгэл хөдлөлөө олон дахин гаргаж, өөрсдийн ихэмсэг уг чанараа илчлэх болно. Нүглийн оршин тогтнолыг хадгалан хамгаалахын тулд хүн уурлан дүрэлзэж, өөрийн сэтгэл хөдлөлөө гаргах ба эдгээр үйлдлүүд нь сэтгэл ханамжгүй байдлаа илэрхийлэх хүний арга зам юм. Эдгээр үйлдлүүд нь доромжлолоор бялхдаг; тэдгээр нь заль мэх, далд явуулгаар бялхдаг; тэдгээр нь хүний ялзрал, хорон муугаар бялхдаг; үүнээс ч илүүтэйгээр тэдгээр нь хүний зэрлэг хүсэл зорилгоор бялхаж байдаг. Шударга ёс гэмт муу явдалтай тэмцэлдэх үед хүн шударга ёсны оршин тогтнолыг хамгаалахын тулд дүрэлзэн уурладаггүй; эсрэгээр нь шударга ёсны хүчийг аюул заналхийлж, хавчин шахаж, дайрч довтлох үед хүн үл ойшоосон, зайлсхийсэн, хойш суусан хандлагатай байдаг. Гэсэн хэдий ч хорон муугийн хүчтэй тулгарах үедээ хүн аядан дагасан, мэхийн ёсолж, бөхөлзсөн хандлагатай байдаг. Тиймээс хүн уурлах нь хорон муугийн хүчний зугталт, бие махбодтой хүний галзуурсан, зогсоохын аргагүй хорон муу зан байдлын илэрхийлэл юм. Гэхдээ Бурхан Өөрийн уур хилэнг илгээх үед, бүх хорон муу хүч зогсох болно; хүнийг хорлох бүх нүгэл хилэнц зогсох болно; Бурханы ажилд саад болдог дайсагнагч бүх хүч илэрхий болж, тусгаарлагдан хараагдах болно; Бурханыг эсэргүүцдэг Сатаны бүх хамсаатнууд шийтгэгдэж, үндсээрээ устгагдах болно. Тэдний газар нутагт Бурханы ажил ямар ч саад бартаагүйгээр урагшлах болно; Бурханы удирдлагын төлөвлөгөө хуваарийн дагуу алхам алхмаар үргэлжлэн хөгжих болно; Бурханы сонгосон хүмүүс Сатаны үймээн самуун, заль мэхнээс ангид байх болно; Бурханыг дагадаг хүмүүс амар амгалан, тайван орчны дунд Бурханы удирдлага болон хангамжийг эдлэх болно; Бурханы уур хилэн нь бүх хорон муу хүчийг үржиж, хурдан тархахаас сэргийлдэг хамгаалалт бөгөөд мөн энэ нь бүх шударга, эерэг зүйлсийн оршин тогтнол болон өсөлтийг хамгаалж, тэднийг дарамт шахалт, сүйрлээс мөнхөд хамгаалдаг хамгаалалт билээ.
"Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл"-ээс
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
No comments:
Post a Comment