Есүс Христийн бусад олон зуун сая дагагчдийн адил бид Библийн хууль болоод зарлигуудыг даган мөрдөж, Есүс Христийн элбэг дэлбэг нигүүлслийг таалан соёрхож, Есүс Христийн нэрийн дор цугларч, залбирч, магтан дуулж, үйлчилдэг – бидний хийж буй энэ бүхэн Эзэний халамж, хамгаалалт дор байдаг. Бид ихэнхдээ сул дорой байх нь ч бий, хүчтэй байх нь ч бий. Бидний бүхий л үйлдэл Эзэний сургаал номлолын дагуу байна гэж бид итгэдэг. Тэгвэл бид тэнгэр дэх Эцгийн хүсэлд дуулгавартай хандах замаар явж байна гэж итгэдэг нь ойлгомжтой билээ. Бид, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг, Эзэн Есүсийн сүр жавхаат ирэлтийг, газар дэлхий дээрх амьдралынхаа төгсгөлийг, хаант улс гарч ирэхийг мөн Илчлэлийн номонд зөгнөгдсөн бүх зүйлийг хүсэн хүлээдэг: Эзэн эргэн ирж, гай гамшгийг авчирч, сайн хүмүүсийг шагнаж, нүгэлтнүүдийг шийтгэж, Өөрийг нь дагаж, Түүний эргэн ирэлтийг хүлээн авсан бүх хүмүүсийг Өөртэйгээ уулзуулахаар агаарт гаргах болно.Бид энэ тухай бодох бүрдээ сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй болдог. Эцсийн өдрүүдэд төрсөндөө бид талархдаг ба Эзэний ирэлтийг нүдээрээ үзэх азтай юм. Хэдий бид хавчилт шахалтыг туулсан ч, энэ нь “хэмжээлшгүй их бөгөөд алдрын мөнхийн жинг” бий болгодог; энэ ямар гайхалтай ерөөл гээч! Энэ бүх хүсэл тэмүүлэл, Эзэний хайрласан нигүүлсэл нь биднийг ихэвчлэн эрүүл сэтгэлгээтэйгээр залбирахад хүргэж мөн илүү олон удаа биднийг нэгдүүлдэг. Магадгүй дараа жил, магадгүй маргааш эсвэл магадгүй тун удалгүй, хүнийг хүлээгээгүй байхад л Эзэн гэв гэнэтхэн хүрч ирэх ба Түүнийг анхааралтай хүлээж байсан бүлэг хүмүүсийн дунд гарч ирэх болно. Эзэний илрэлтийг харах хамгийн эхний бүлэг хүмүүс байж, бахархан хөөрөх хүмүүсийн нэг болохын тулд бид бүгдээрээ бие биетэйгээ уралдан, хэн ч бусдаас дутахыг хүсдэггүй билээ. Энэхүү өдрийн төлөө бид золиосыг үл хайхран бүх зүйлсээ зориулсан билээ. Зарим нь өөрсдийн ажлаа хаясан, зарим нь гэр бүлийнхнээ орхисон, зарим нь гэрлэлтээс татгалзсан ба зарим нь өөрсдийн бүх хадгаламжийг хандивласан. Ямар амь бие хайргүй зориулалт вэ! Тийм чин сэтгэл, үнэнч зан нь өнгөрсөн үеийн ариун хүмүүсээс ч хамаагүй илүү байх учиртай! Эзэн хүссэн хүн бүхэндээ нигүүлсэл хайрлаж, Өөрийн хүссэн хүн бүхэнд өршөөл үзүүлэх үед, бидний зориулалт ба зарцуулалт нь аль хэдийн Түүний нүдэнд харагдсан гэж бид итгэдэг. Иймээс, бидний чин сэтгэлийн залбирал ч гэсэн Түүний чихэнд аль хэдийн хүрсэн ба бидний зориулалтын төлөө Эзэн биднийг шагнах болно гэж бид итгэдэг. Цаашлаад, энэ дэлхийг бүтээхээсээ өмнө ч Бурхан бидэнд нигүүлсэнгүй хандсан ба бидэнд өгсөн Бурханы ерөөл болон амлалтуудыг хэн ч булаан авч чадахгүй. Бид бүгдээрээ л ирээдүйг төлөвлөж байгаа ба Эзэнтэй уулзахаар агаарт гарах үед өөрсдийн бахархлыг наймаалцах зүйл бол бидний зориулалт ба зарцуулалт гэж итгэлтэйгээр үздэг. Цаашилбал, өчүүхэн төдий ч эргэлзээгүйгээр бид өөрсдийгөө ирээдүйн сэнтийд тавьж, бүх улс үндэстэн болоод бүх хүмүүсийг удирдах буюу хаан болон захирах болно. Энэ бүхэн бидний хүлээх ёстой зүйлс гэж бид үздэг.
Эзэн Есүсийн эсрэг байгаа хүн бүхнийг бид жигшдэг; эцэстээ тэд бүгдээрээ устгагдах болно. Эзэн Есүс бол Аврагч гэдэгт бүү итгэ гэж хэн тэдэнд хэлсэн юм бэ? Мэдээж, Эзэн Есүсээс суралцаж, энэ дэлхийд өрөвч сэтгэлээр хандах үе бидэнд байдаг ба тэд ойлгохгүй байсан ч бид тэвчээртэй байж, тэднийг уучилж өршөөх ёстой. Бидний хийж байгаа бүхэн Библийн үгсийн дагуу байдаг, тийм учраас Библийг даган мөрдөөгүй хэн бүхэн тэрс үзэлтэн, нүглийг тахин шүтэгч юм. Ийм итгэл нь бид бүхний сэтгэлд гүн гүнзгий шингэсэн байдаг. Бидний Эзэн Библид байдаг ба хэрвээ бид Библиэс холдон явахгүй л бол Эзэнээс холдохгүй; хэрвээ бид энэхүү зарчмыг мөрдвөл бүгдээрээ аврагдах болно. Бид бие биенийгээ урамшуулан зоригжуулж, бие биенийгээ дэмжиж, цуглах болгондоо хэлж байгаа, хийж байгаа бүхэн маань Эзэний хүслийн дагуу байж, Эзэнээр хүлээн зөвшөөрөгдөнө гэж бид итгэдэг. Хүрээлэн байгаа орчныхоо хатуу ширүүн дайсагналыг үл харгалзан бидний зүрх сэтгэл баяр баясгалангаар дүүрэн байна. Ийм амархан хүрч болох ерөөлийн тухай бодох үед, орхин хаяж чадахгүй зүйл бидэнд байна гэж үү? Салж чадахгүй зүйл бидэнд байна гэж үү? Энэ бүхэн бол далд ба энэ бүхэн Бурханы нүдэнд харагдаж байдаг. Балиар заваан зүйл дундаас өргөгдсөн ядарч зүдэрсэн цөөхөн бид бол Эзэн Есүсийн бүх энгийн дагагчидтай адил: Бид өргөгдөхийг, ерөөгдөхийг мөн улс үндэстнүүдийг захирахыг мөрөөддөг. Бидний завхрал Бурханы нүдэнд ив илхэн харагдах ба бидний хүсэл, шунал Бурханы нүдэнд зэмлэгдэнэ. Гэсэн ч энэ бүхэн огтхон ч тэр гэх тэмдэггүй тохиолдох ба логикийн хувьд бидний хүсэл эрмэлзэл зөв үү гэдгийг бидний хэн ч бодохгүй, тэр ч байтугай өөрсдийн даган мөрдөж байгаа зүйлсийн үнэн зөвд эргэлздэггүй. Бурханы хүслийг хэн мэдэх вэ? Хүн ямар замаар алхаж байгаа тухай бид эрж хайж, судлан шинжилж, тэр ч байтугай анхаарахаа мэддэггүй. Бид өргөгдөх болов уу, бид ерөөгдөх болов уу, биднийг тэнгэрийн хаанчлалд багтаах болов уу, бид амийн голын уснаас, амийн модны жимснээс хүртэж чадах болов уу гэдэг талаар л бид зөвхөн анхаардаг. Бид Эзэнд итгэж, Эзэний дагагчид байх нь эдгээр зүйлийг олж авахын тулд биш үү? Бидний нүгэл уучлагдсан, бид гэмшсэн, бид аягатай гашуун дарсыг уусан ба нуруундаа загалмай үүрсэн. Бидний төлсөн төлөөс Эзэнээр хүлээн зөвшөөрөгдөхгүй гэж хэн хэлж чадах юм бэ? Бид хангалттай тос бэлдээгүй гэж хэн хэлж чадах юм бэ? Бид тэдгээр мунхаг охидын нэг эсвэл хаягдсан хүмүүсийн нэг байхыг хүсэхгүй байна. Түүнчлэн, Библид “Дараа нь хэн нэгэн хүн танд Христийг энд, эсвэл тэнд байна гэж хэлэх аваас түүнд бүү итгэ. Хуурамч Христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг тунхаглах ба, ийм зүйл тохиолдвол сонгогдсон хүмүүс ч хууран мэхлэгдэх болно” (Матай 24:23-24) гэж байдаг учраас хуурамч Христүүдэд хууртахаас биднийг хамгаалахыг Эзэнээс гуйн бид олон удаа залбирдаг. Бид бүгдээрээ Библийн энэ ишлэлийг цээжилсэн, бид үүнийг хаанаас нь ч хэлсэн мэднэ, мөн бид үүнийг амь шиг, бидний авралын болон өргөгдөхийн мандат шиг үнэ цэнэтэй баялаг гэж үздэг…
Мянга мянган жилийн туршид, амьдарч байсан хүмүүс насан эцэслэж, хүсэл тэмүүлэл, мөрөөдлөө өөрсөдтэйгээ хамт авч одсон ба тэд тэнгэрийн хаанчлалд орсон эсэхийг хэн ч үнэндээ мэдэхгүй. Үхсэн хүмүүс эргэн ирдэг ч өмнө нь тохиолдож байсан бүх зүйлийг мартсан байдаг бөгөөд өвөг дээдсийнхээ сургаал болон замыг дагасаар л байдаг. Иймээс он жилүүд урсаж, өдөр хоног өнгөрөхийн хэрээр, бидний Эзэн Есүс, бидний Бурхан хийж байгаа бүхнийг маань үнэхээр хүлээн зөвшөөрөх үү гэдгийг хэн ч мэддэггүй. Бид зүгээр л үр дүнг хардаг ба тохиолдож болох бүхнийг таамаглан боддог. Гэсэн ч бүхий л үеийн туршид Бурхан чимээгүй байсан бөгөөд хэзээ ч бидэнд харагдаж, бидэнтэй яриагүй. Иймээс бид Бурханы хүсэл, зан чанарыг Библи болон тэмдгүүдийн дагуу дураараа шүүн тунгаасан. Бид Бурханы чимээгүй байдалд дасчихсан; бид өөрсдийнхөө үзэл бодлоор зан төлвийнхөө зөв, бурууг хэмжээд сурчихсан; өөрсдийн мэдлэг, үзэл болон ёс суртахууны ёс зүйг Бурханы шаардлагын оронд тавиад дасчихсан; Бурханы нигүүлслийг эдлээд сурчихсан; хэрэгтэй үед Бурхан бидэнд туслахад дасчихсан; бүх зүйлийг авахын тулд бид Бурханд гараа сарвайн, Бурханыг захираад дасчихсан; Ариун Сүнс биднийг хэрхэн удирдан чиглүүлж байгааг анхааралгүйгээр сургаал номлолыг дагаад сурчихсан; цаашлаад, бид өөрөө өөрсдийнхөө эзэн нь байдаг өдрүүдэд дасчихсан байна. Бид өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй Бурханд ингэж л итгэдэг. Түүний зан чанар ямар вэ, Түүний эзэмшдэг зүйл, оршихуй нь ямар вэ, Түүний дүр төрх ямар вэ, Түүнийг ирэх үед бид мэдэх үү, үгүй юу гэх мэтийн асуултуудын аль нь ч чухал биш. Юу чухал вэ гэхээр Тэр бидний зүрх сэтгэлд байдаг, бид бүгдээрээ Түүнийг хүлээдэг ба Тэр ямар болохыг бид төсөөлж чаддаг. Бид өөрсдийн итгэлд талархаж, сүнслэг байдлаа эрхэмлэдэг. Бид бүх зүйлийг баас ялгадас гэж үздэг бөгөөд хөл дор байгаа бүхнээ гишгэлдэг. Учир нь бид бол суу алдарт Эзэнийг дагагчид, аян маань хэчнээн урт, хэцүү бэрх байсан ч, бидэнд хэчнээн их аюул осол, зовлон зүдгүүр учирлаа ч гэсэн Эзэнийг дагах бидний алхааг юу ч зогсоож чадахгүй. “Бурханы болон Хурганы сэнтийгээс гарах болор шиг тунгалаг амийн цэвэр ус. Гудамжны голд болон голын хоёр эрэгт арван хоёр төрлийн жимс бүхий амийн мод байх бөгөөд сар бүр ургац өгөхийн сацуу: модны навч бүр үндэстнүүдийг эдгээх увдистай байв. Тэнд ямар нэгэн хараал зүхэл гэж үгүй: харин Бурханы болон Хурганы сэнтий байх бөгөөд Түүний зарц нар Түүнд үйлчилнэ: тэд Түүний царайг харах үед; Түүний нэр тэдний духан дээр байх ёстой. Мөн тэнд ямар ч шөнө байхгүй; Мөн дэн бас нарны гэрэл ч хэрэггүй. Учир нь Их Эзэн Бурхан тэдэнд гэрэл гэгээг өгдөг бөгөөд тэд мөнхийн мөнхөд хаанчлах болно” (Илчлэл 22:1-5). Эдгээр үгийг дуулах бүрд, бидний зүрх сэтгэл баяр баясгалан, сэтгэл ханамжаар бялхаж, бидний нүднээс нулимс урсан гардаг. Биднийг сонгосонд Эзэндээ баярлалаа, Эзэний нигүүлсэлд баярлалаа. Тэр энэ үед бидэнд зуу дахин ихийг өгсөн, ирж буй дэлхийд бидэнд мөнх амь өгсөн ба хэрвээ Тэр биднийг одоо үх гэвэл бид өчүүхэн төдий ч гомдол дургүйцэлгүйгээр хийх болно. Эзэн минь! Удахгүй хурдан ирээрэй! Бид Таныг цөхрөлтгүйгээр хүсэн хүлээж, Таны төлөө бүх зүйлийг орхисон учраас нэг ч минут бүү хойшлуулаарай.
Бурхан дуу чимээгүй бөгөөд бидэнд хэзээ ч илрэн харагдаж байгаагүй боловч Түүний ажил хэзээ ч зогсоогүй. Тэр бүх газар дэлхийг харж, бүх зүйлийг захирч, хүний бүхий л үг, үйлийг харж байдаг. Түүний удирдлага нь Түүний төлөвлөгөөний дагуу, алхамтайгаар явагддаг. Энэ нь анхаарал татахуйц нөлөөгүйгээр чимээгүй явагддаг боловч, Түүний сэнтий бидний дунд буусны дараахнаар Түүний алхаа хүн төрөлхтөнд илүү ойр ирж, Түүний шүүлтийн сэнтий цахилгааны хурдаар орчлон ертөнцөд заларна. Тэр нь ямар сүр жавхлантай дүр зураг байх билээ, ямар сүрлэг, баяр ёслолын дүр зураг байх билээ. Тагтааны адилаар, архирч буй арслангийн адилаар Сүнс бидний дунд хүрэлцэн ирнэ. Тэр бол ухаалаг, Тэр бол зөвт агаад сүр жавхлантай, Тэрээр эрх мэдлийг эзэмшиж, хайр энэрлээр бялхан бидний дунд чимээгүй ирдэг. Хэн ч Түүний ирэхийг мэдэхгүй, хэн ч Түүнийг ирэхэд угтан авахгүй, цаашлаад Түүний юу хийхийг хэн ч мэдэхгүй. Хүний амьдрал өөрчлөгдөлгүй хэвээр үлдэнэ; түүний зүрх сэтгэлд ямар ч ялгаагүй ба өдөр хоногууд өмнөх шигээ л өнгөрнө. Бурхан бидний дунд энгийн хүн шиг, хамгийн өчүүхэн дагагч шиг, энгийн итгэгч шигээр амьдарна. Түүнд Өөрийн гэсэн эрэл хайгуул, Өөрийн гэсэн зорилгууд байдаг ба цаашлаад энгийн хүний эзэмшиж чадахгүй бурханлаг чанар Түүнд байдаг. Түүний бурханлаг чанарын оршин тогтнолыг хэн ч анзаараагүй бөгөөд Түүний мөн чанарын хүнийхээс ялгагдах ялгааг хэн ч ухамсарлаагүй. Бид Түүнийг өчүүхэн итгэгч гэдгээс өөрөөр хардаггүй учраас айж эмээлгүйгээр, тайвнаар Түүнтэй хамт амьдардаг. Тэр бидний хөдөлгөөн бүрийг хардаг ба бидний бүхий л бодол, санаа Түүний өмнө ив илхэн байдаг. Хэн ч Түүний оршин тогтнолыг сонирхдоггүй, Түүний үйл ажиллагааны талаар хэнд ч ямар ч төсөөлөл байхгүй ба түүнчлэн Тэр хэн бэ гэдэг талаар хэнд ч, ямар ч сэжиг байдаггүй. Тэр бидэнд огт хамаагүй юм шиг, бид ердөө л өөрсдийн зорьсон зүйлээ үргэлжлүүлдэг…
Тохиолдлоор Ариун Сүнс, Түүгээр “дамжуулан” үгээ илэрхийлдэг ба энэ нь маш гэнэтийн мэт санагддаг ч бид энэ нь Бурханы айлдвар гэдгийг танин мэдэж, үүнийг Бурханаас амархан хүлээн авдаг. Учир нь, эдгээр үгийг хэн хэлэхээс үл хамааран, тэдгээр нь Ариун Сүнснээс ирж байх л юм бол бид тэдгээрийг хүлээн зөвшөөрөх ёстой ба татгалзаж болохгүй. Дараагийн айлдвар нь надаар, чамаар, эсвэл түүгээр дамжиж болно. Энэ нь хэн байхаас үл хамаараад, энэ бүхэн Бурханы нигүүлсэл юм. Тухайн хүн хэн байх нь хамаагүй, бид тэднийг тахин шүтэх ёсгүй, юу ч болж байсан тэд Бурхан байх учиргүй; яаж ч байсан бид ийм энгийн хүнийг өөрсдийн Бурхан болгон сонгож болохгүй. Бидний Бурхан бол маш агуу бөгөөд эрхэмсэг; тийм шалихгүй хүнээр Түүнийг хэрхэн төлөөлүүлж болох юм бэ? Үүнээс гадна, биднийг тэнгэрийн хаанчлалд эргээд оруулах Бурханыг бид бүгдээрээ хүлээж байгаа ба иймээс тийм өчүүхэн хэн нэгэн хэрхэн тийм чухал, хэцүү бэрх үүргийг биелүүлж чадах юм бэ? Хэрвээ Эзэн дахин ирвэл, цагаан үүлэн дээр сууж ирэх ба бүх хүнд үзэгдэх ёстой. Тэр нь хэчнээн гайхамшигтай байх билээ дээ! Тэр хэрхэн энгийн хүмүүсийн дунд чимээгүй нуугдах вэ?
Гэсэн ч, хүмүүсийн дунд нуугдсан энэхүү энгийн хүн биднийг аврах шинэ ажлыг хийж байгаа юм. Тэр бидэнд юуг ч тодорхой болгоогүй ба яагаад ирснээ ч бидэнд хэлээгүй. Тэр ердөө, Өөрийн хийх гэж буй ажлыг алхам алхмаар, Өөрийн төлөвлөгөөний дагуу хийж байна. Түүний үг, айлдвар илүү ойр ойрхон болж байна. Тайвшруулж, ятгаж, сануулж, анхааруулахаас эхлээд зэмлэх, сахилгажуулах хүртэл; эелдэг зөөлөн дуу хоолойноос эхлээд ширүүн догшин, сүрлэг үгс хүртэл – тэдгээр нь бүгдээрээ хүнд энэрэл болон айдас түгшүүрийн аль алийг бий болгодог. Түүний хэлж байгаа бүхэн бидний дотор гүн гүнзгий нуугдсан нууцыг онодог, Түүний үгс бидний зүрх сэтгэлийг хатгаж, бидний сүнсийг хатган шаналгаж, биднийг ичгүүртэй, доромжлогдсон байдалд оруулдаг. Бид, энэ хүний зүрх сэтгэлд байгаа Бурхан үнэхээр бидэнд хайртай юу, Тэр яг юу хийх гээд байгаа вэ гэдгийг гайхаж эхэлдэг. Магадгүй бид тэрхүү зовлон шаналалыг давж туулсны дараа л өргөгдөх юм болов уу? Толгойдоо бид… ирж буй хүрэх газрынхаа тухай мөн өөрсдийн ирээдүйн хувь тавилангийн талаар тооцоолсоор байдаг. Гэхдээ л Бурхан бие махбодыг олж, бидний дунд ажиллаж байгаа гэдэгт бидний хэн ч итгэдэггүй. Хэдий Тэрээр бидэнтэй хамт маш удаан байсаар ирсэн ч, хэдий Тэр маш олон үгийг бидэнтэй нүүр тулан ярьсан ч, бид өөрсдийн ирээдүй, хувь заяаг тийм өчүүхэн хүнд даатгах нь битгий хэл, тийм энгийн хүнийг бидний ирээдүйн Бурхан хэмээн хүлээн авахад бэлэн биш байгаа. Түүнээс бид амийн усны дуусашгүй нөөцийг хүртэж, Түүний ачаар бид Бурхантай нүүр нүүрээ харан амьдарч байгаа. Бид зөвхөн тэнгэр дэх Эзэн Есүсийн нигүүлсэлд талархдаг ба бурханлаг чанарыг эзэмшсэн энэ энгийн хүний мэдрэмжинд хэзээ ч, ямар ч анхаарал хандуулж байгаагүй. Тэр бие махбодод нуугдан, Өөрийн зүрх сэтгэлийн дуу хоолойг илэрхийлж, хүн төрөлхтөн Өөрийг нь үгүйсгэхийг үл хайхран, хүний хүүхдэрхүү зан болоод мэдлэггүй байдлыг мөнхөд уучлан, Түүнийг үл хүндэтгэх байдлыг үүрд тэвчин, Өөрийнхөө ажлыг даруухнаар хийсээр байгаа.
Бидэнд мэдэгдэлгүйгээр, энэ өчүүхэн хүн биднийг Бурханы ажилд алхам алхмаар чиглүүлсээр байгаа. Бид тоо томшгүй олон шалгалтыг туулан, тоолохын аргагүй цээрлүүлэлт хүртэж, үхлээр туршигддаг. Бид Бурханы зөвт, сүр жавхлант зан чанарыг ойлгож мэдэн, Түүний хайр энэрэлд сэтгэл татагдаж, Бурханы агуу хүч чадал, мэргэн ухаанд талархаж, Бурханы хайр татам байдлыг харж хүнийг аврах гэсэн Бурханы хүчтэй хүслийг хардаг. Энэхүү энгийн хүний үгнээс бид Бурханы зан чанар болон мөн чанарыг мэдэж авч, Бурханы хүслийг ойлгож, хүний угийн чанар болоод мөн чанарыг мэдэж авч, аврал ба төгс төгөлдөржилтийн замыг хардаг. Түүний үгс нь биднийг үхэхэд хүргэж, биднийг дахин төрөхөд хүргэдэг; Түүний үгс бидэнд тайвшралыг авчирдаг боловч мөн биднийг гэм буруутай, өртэй мэт сэтгэлтэй үлдэхэд хүргэдэг; Түүний үгс нь бидэнд баяр баясгалан, амар амгаланг авчирдаг боловч мөн асар их шаналлыг авчирдаг. Заримдаа бид бол Түүний гарт нядлагдах хургатай адил; заримдаа бид Түүний нүдний цөцгий мэт байдаг ба Түүний хайр, дурлалыг эдэлдэг; заримдаа бид Түүний дайсан мэт байж, Түүний нүдэн дэх уур хилэнгийн улмаас үнс нурам болон хувирдаг. Бид бол Түүгээр аврагдсан хүн төрөлхтөн, бид бол Түүний нүдэн дэх өт хорхой бөгөөд бид бол Түүний өдөр шөнөгүй эрж хайж байгаа төөрсөн хурганууд юм. Тэр бидэнд өршөөлтэй ханддаг, Тэр биднийг жигшдэг, Тэр биднийг өргөдөг, Тэр биднийг тайвшруулж, ятган ухуулдаг, Тэр биднийг залж чиглүүлдэг, Тэр биднийг гэгээрүүлдэг, Тэр биднийг цээрлүүлэн сахилгажуулдаг ба тэр ч байтугай биднийг хараадаг. Тэр бидний төлөө өдөр шөнөгүй санаа зовж, өдөр шөнөгүй биднийг хамгаалан халамжилж, хэзээ ч бидний хажуунаас холдолгүйгээр Өөрийн анхаарал халамжийг бидэнд зориулж, бидний төлөө ямар ч төлөөсийг төлдөг. Энэхүү энгийн, жаахан биеэс гарч буй үгэн дундаас бид Бурханы бүхнийг эдэлсэн бөгөөд Бурханы бидэнд хайрласан хүрэх газрыг харсан. Гэсэн ч үүнийг үл харгалзан, бардам зан бидний зүрх сэтгэл дотор байсаар байгаа ба бид энэ хүнийг Бурхан хэмээн хүлээн авахад бэлэн биш байсаар байгаа. Хэдий Тэр бидэнд маш их манна өгсөн ч, зугаацах зүйл ихийг өгсөн ч гэсэн, эдгээрийн аль нь ч бидний зүрх сэтгэл дэх Эзэний байр суурийг орлож чадахгүй. Бид энэ хүний онцгой ялгамж чанар, байр суурийг маш дурамжханаар хүндэлдэг. Хэрвээ Тэр Өөрийгөө бидэнд Бурхан гэж таниулахаар зүйл ярихгүй л бол, удахгүй ирнэ гэж хүлээж байсан ч бидний дунд удаан хугацаанд ажилласаар байсан Бурхан бол Тэр юм гэдгийг бид өөрсдөө хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.
Бурханы айлдвар үргэлжилж байгаа ба Тэр бидэнд юу хийхийг зөвлөн сануулж, Өөрийн зүрх сэтгэлийн дуу хоолойг илэрхийлэхийн тулд олон янзын арга барил, өнцгийг ашигладаг. Түүний үг нь амийн хүчийг агуулдаг ба бидний явах ёстой замыг бидэнд харуулж, үнэн юу вэ гэдгийг ойлгох боломжийг бидэнд олгодог. Бид Түүний үнэнд татагдаж эхлэн, Түүний ярианы байдал, хэв маягт төвлөрч эхлэх бөгөөд энэхүү өчүүхэн хүний зүрх сэтгэлийн дуу хоолойг өөрийн эрхгүй сонирхож эхлэх болно. Тэр бидний төлөө уйгагүй хичээл чармайлт гарган, бидний төлөө нойр, хоолоо умартан, бидний төлөө уйлж, бидний төлөө санаа алдаж, бидний төлөө өвчиндөө ёолон шаналж, бидний хүрэх газар, авралын төлөө доромжлол амсдаг ба бидний мэдрэмжгүй байдал, тэрслүү зангийн улмаас Түүний зүрх сэтгэлээс цус асгарч, нулимс нь урсдаг. Түүний ийм оршихуй болоод эзэмшил нь энгийн хүнийхээс давсан бөгөөд цэвэр ариун бус хүмүүсийн хэн ч үүнд хүрч, эзэмшиж чадахгүй юм. Түүнд ямар ч энгийн хүний эзэмшээгүй тэвчээр, тэсвэр байдаг ба ямар ч бүтээл Түүний хайрыг эзэмшиж чадахгүй юм. Түүнээс өөр хэн боловч бидний бүх бодлыг мэдэж чадахгүй, бидний угийн чанар, мөн чанарыг тэгж сайн ойлгохгүй, эсвэл хүн төрөлхтний тэрслүү чанар болоод завхралыг шүүж чадахгүй эсвэл тэнгэрт байгаа Бурханы өмнөөс бидний дунд ингэж ажиллаж, бидэнтэй ярьж чадахгүй юм. Түүнээс өөр хэн ч Бурханы эрх мэдэл, мэргэн ухаан, сүр хүчийг эзэмшдэггүй; Бурханы зан чанар болоод Түүнд юу байгаа, Тэр юу болох нь бүгд Түүгээр илэрхийлэгдэн гардаг. Түүнээс өөр хэн ч бидэнд замыг харуулж, гэрлийг авчирч чадахгүй. Түүнээс өөр хэн ч, бүтээлийн эхлэлээс өнөөдрийг хүртэл задраагүй Бурханы нууцуудыг илчилж чадахгүй. Түүнээс өөр хэн ч биднийг Сатаны дарлалаас болон завхарсан зан чанараас аварч чадахгүй. Тэр Бурханыг төлөөлдөг ба Бурханы зүрх сэтгэлийн дуу хоолойг, Бурханы сургаалуудыг, мөн хүн төрөлхтөнд хандсан Бурханы шүүлтийн үгсийг илэрхийлдэг. Тэрээр шинэ үе, шинэ эринг эхлүүлж, шинэ тэнгэр газар, шинэ ажлыг авчирсан бөгөөд бидэнд итгэл найдварыг авчирч, тодорхой бус байдалд өнгөрөөсөн бидний амьдралыг төгсгөл болгож, авралын замыг бүрэн харах боломжийг бидэнд олгосон. Тэр бидний оршихуйг бүхэлд нь байлдан дагуулж, зүрх сэтгэлийг эзэмдсэн. Тэрхүү мөчөөс эхлээд бидний сэтгэл ухамсартай болж, бидний сүнс сэргэсэн мэт санагдана. Бидэн дунд амьдардаг, бидний удаан хугацаанд үгүйсгэсэн энэхүү энгийн, өчүүхэн хүн бол бидний зүрх сэтгэлд дандаа байдаг, бидний өдөр шөнөгүй хүлээж байгаа Эзэн Есүс биш гэж үү? Энэ бол Тэр юм! Энэ үнэхээр Тэр билээ! Тэр бол бидний Бурхан! Тэр бол үнэн, зам, амь юм! Тэр бидэнд дахин амьдарч, гэрлийг харах боломжийг олгосон ба бидний зүрх сэтгэлийн төөрөгдлийг зогсоосон. Бид Бурханы гэрт эргэн очсон, бид Түүний сэнтийн өмнө буцан очсон, бид Түүнтэй нүүр тулан уулзаж, Түүний төрхийг харж, өмнөө байгаа замыг харсан билээ. Тэр үед, бидний зүрх сэтгэлийг Тэр бүрэн байлдан дагуулсан; Тэр хэн бэ гэдэг талаар цаашид бид эргэлзэхээ больж, Түүний ажил болоод үгийг цаашид эсэргүүцэхээ байж, бид Түүний өмнө бүрэн дүүрэн унасан. Бид үлдсэн амьдралынхаа туршид Бурханы мөрийг даган, Түүгээр төгс болгуулж, Түүний нигүүлслийг эргүүлэн төлж, биднийг гэсэн Түүний хайрыг буцаан төлж, Түүний зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай даган, Түүний ажилтай хамтран ажиллаж, Түүний бидэнд даалгасан зүйлийг биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийхээс өөрийг хүсэхгүй байна.
Бурханаар байлдан дагуулагдана гэдэг бол бие хамгаалах урлагийн тэмцээнтэй адил.
Бурханы үг болгон бидний үхлийн цэгийг цохиж, биднийг гунигтай, айж түгшсэн байдалд оруулдаг. Тэр бидний үзлийг илчилдэг, бидний төсөөллийг илчилдэг, бидний завхарсан зан чанарыг илчилдэг. Бидний хийж, хэлж байгаа бүгдээр, бидний бүх үзэл бодол, санаагаар дамжуулан бидний угийн чанар болон мөн чанар Түүний үгээр илчлэгддэг бөгөөд биднийг айдас түгшүүрт автуулж, нүүрээ хийх газаргүй болгодог. Тэр бидний бүхий л үйлдэл, бидний зорилго, санаархал тэр ч байтугай бидний хэзээ ч таньж мэдээгүй завхарсан зан чанарыг бидэнд хэлдэг ба бид бүрэн ил гарсан мэт санагдаж, биднийг бүрэн итгэхэд хүргэдэг. Түүнийг эсэргүүцсэний төлөө Тэр биднийг шүүж, Түүнийг гутаан доромжилж, буруушаасны төлөө биднийг гэсгээдэг. Түүний нүдэнд бид үнэ цэнэгүй мэт, бид амьд Сатан мэт бидэнд санагддаг. Бидний итгэл найдвар цохигдож, бид цаашид Түүнээс ямар нэг зүйлийг шалтгаангүй гуйж, нэхэж чадахаа болино, тэр ч байтугай бидний мөрөөдөл ганцхан шөнийн дотор үгүй болно. Энэ бол бидний хэний ч төсөөлж чадахгүй, бидний хэнийх нь ч хүлээн зөвшөөрч чадахгүй бодит байдал юм. Хэсэг зуур бидний сэтгэл тогтворгүй болж, өмнөө байгаа замд хэрхэн үргэлжлүүлэн явахаа мэдэхээ больж, өөрсдийн итгэл үнэмшлийг хэрхэн үргэлжлүүлэхээ мэдэхгүй. Бидний итгэл буцаад л эхний байсан газраа ирсэн мэт, бид хэзээ ч Эзэн Есүстэй уулзаж, танилцаж байгаагүй мэт санагдах болно. Нүдний өмнө байгаа бүхэн биднийг будилуулж, бид урсгал даган хөвж байгаа мэт мэдрэгдэнэ. Бид зовнин түгшиж, сэтгэлээр унаж, зүрх сэтгэлийн маань гүнд номхоршгүй уур, ичгүүр гутамшиг байх болно. Бид дотроо уудлахыг хичээж, гарах арга зам олохыг хичээж тэр ч байтугай Аврагч Есүсийг үргэлжлүүлэн хүлээхээр оролддог ба зүрх сэтгэлээ Түүнд нээдэг. Бид гадна талдаа их зантай ч биш, даруухан ч биш байх үе байдаг хэдий ч зүрх сэтгэлдээ бид, урьд өмнө байгаагүйгээр хохирол амссан мэдрэмжтэйгээр шаналж байдаг. Заримдаа бид гадна талдаа гайхалтай тайван байгаа мэт байдаг ч дотроо зовлон шаналлын далайг туулж байдаг. Түүний шүүлт ба гэсгээлт нь биднийг бүхий л итгэл найдвар, мөрөөдлөөс салгаж, бидний хэмжээлшгүй хүслийг үгүй хийж, Тэр бол бидний Аврагч бөгөөд биднийг аврах чадвартай гэдэгт итгэх хүсэлгүй болгодог. Түүний шүүлт болон гэсгээлт нь бид нар болоод Түүний хооронд гүн гүнзгий ангалыг бий болгодог ба хэн ч үүнийг туулахыг хүсдэггүй. Түүний шүүлт ба гэсгээлт нь бид тийм их доромжлол, тийм их саад бартааг амсаж буй анхны удаа юм. Түүний шүүлт, гэсгээлт нь, Бурханы нэр төр болон хүний зөрчлийг хүлцдэггүй байдлыг үнэхээр ойлгох боломжийг бидэнд олгодог, түүнтэй харьцуулахад бид маш дорд бөгөөд ариун бус билээ. Түүний шүүлт, гэсгээлт нь бид хэчнээн их зантай, биеэ тоосон хүмүүс болохыг мөн хүн хэзээ ч Бурхантай адил, Бурхантай эрх тэгш байж чадахгүй юм гэдгийг бидэнд анх удаа ойлгуулдаг. Түүний шүүлт ба гэсгээлт нь биднийг цаашид тийм завхарсан байдалд амьдрахыг хүсэхгүй болгож, өөрсдийн тийм угийн чанар, мөн чанараа аль болох хурдан хаяж, дахин хэзээ ч Түүгээр жигшигдэн зэвүүцэгдэхийг хүсэхгүй байхад хүргэдэг. Түүний шүүлт, гэсгээлт нь Түүний үгийг дагахдаа баяртай байхад бидэнд тусалж, Түүний зохион байгуулалт, зохицуулалалтыг цаашид эсэргүүцэхээ болиход хүргэдэг. Түүний шүүлт ба гэсгээлт нь, бидэнд амьдралыг эрж хайх хүслийг дахин өгч, Түүнийг өөрсдийн Аврагчаа хэмээн баяртайгаар хүлээн авахад хүргэдэг… Бид байлдан дагуулах ажлаас алхан гарч, тамаас алхан гарч, үхлийн сүүдэрт хөндийгөөс алхан гарсан… Төгс Хүчит Бурхан биднийг, энэ бүлэг хүмүүсийг Өөртөө авсан! Тэр Сатаныг ялан дийлж, Өөрийн бүх дайсныг ялсан билээ!
Бид бол ердөө л сатаны завхарсан зан чанартай энгийн бүлэг хүмүүс, бид хэдэн эриний өмнөөс Бурханаар урьдчилан тогтоогдсон хүмүүс бөгөөд бид бол бохир заваан газраас Бурханы өргөн гаргасан ядарч зүдэрсэн хүмүүс юм. Бид нэгэнтээ Бурханыг үгүйсгэж, буруушаан зэмлэж байсан хэдий ч одоо Тэр биднийг байлдан дагуулсан. Бид амийг хүлээн авсан ба Бурханаас мөнх амийн замыг хүлээн авсан. Бид газар дээр хаана байх нь хамаагүй, хавчлага шахалт, зовлон гамшгийг үл харгалзан бид Төгс Хүчит Бурханы авралаас салангид байж чадахгүй. Тэр бидний Бүтээгч учраас бидний цорын ганц аврал юм!
Бурханы хайр нь булгийн ус мэт өөд уруугүй үргэлжлэх ба чамд, надад, түүнд болон үнэнийг үнэхээр эрж хайж, Бурханы ирэхийг хүлээдэг тэдгээр бүх хүнд өгөгдсөн.
Сар үргэлж нарыг дагадгийн адилаар, Бурханы ажил хэзээ ч зогсохгүй бөгөөд чам дээр, над дээр, түүн дээр болон Бурханы хөлийн мөрийг дагаж, Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрдөг бүх хүмүүс дээр явагдана.
2010 оны 3 дугаар сарын 23-нд илэрхийллээ
"Үг нь махбодоор илэрсэн" номоос
No comments:
Post a Comment