2017-09-19

Төгс Xүчит Бурханы үг | Төгс Хүчит Бурханы санаа алдалт


Чиний зүрх сэтгэлд асар их нууц бий. Гэрэл гардаггүй дэлхийд амьдарсаар ирсэн учраас чи тэнд байдгийг нь мэддэггүй. Чиний зүрх сэтгэл болоод чиний сүнсийг ёрын муу нэгэн хулгайлан одсон. Харанхуй чиний нүдийг халхалсан; чи тэнгэрт байгаа нарыг мөн шөнө гялалзах оддыг харж эс чадна. Чиний чих хуурмаг үгсээр дүүрсэн бөгөөд Еховагийн нижигнэсэн дуу хоолой, сэнтийгээс цутгах усны чимээг ч эс сонсоно. Чи Төгс Хүчит Бурханы өгсөн бүхнийг болон өөрт харьяалагдах ёстой байсан бүхнээ алдсан. Чи ямар ч авралгүй, амьд үлдэх ямар ч найдлагагүй, тэмцэлдэн самгардахаас өөр аргагүй зах хязгааргүй гашуун далайд орсон. …
 
Тэр мөчөөс хойш чи ёрын муу нэгэнд хорлогдож, Төгс Хүчит Бурханы ерөөлийг хүртэлгүй, Төгс Хүчит Бурханы хангалт үгүй, буцах аргагүй замд орсон. Сая удаа дуудаж байж л чиний зүрх сэтгэл эсвэл сүнс жаахан мэдэрч магадгүй. Чи, ямар ч чиглэлгүй, ямар ч замын тэмдэглэгээгүй хязгааргүй ертөнцөд чамайг хуурч аваачсан ёрын муу нэгний гарт гүн нойрсож байгаа. Энэ үеэс, чи өөрийн ариун байдал, гэнэн цайлган байдлаа алдаж, Төгс Хүчит Бурханы хайр энэрлээс нуугдаж эхэлсэн. Ёрын муу нэгэн бүх хэрэг дээр чиний зүрх сэтгэлийг удирдаж, чиний амь болсон. Чи түүнээс айж, зугтахаа, түүнд эргэлзэхээ больсон. Үүний оронд чи зүрх сэтгэлдээ түүнтэй Бурхан мэт харьцсан. Чи түүнийг сүсэглэж шүтэж эхэлсэн ба түүний сүүдэр мэт салшгүй болж үхэл амьдралынхаа туршид түүнтэй хамт байх болсон. Чи хаанаас гаралтай, яагаад оршин тогтнодог эсвэл яагаад үхдэгээ мэдэхээ больсон. Чи Төгс Хүчит Бурханыг танихгүй хүн шиг үзсэн; чи Түүний гарлыг, тэр ч бүү хэл Тэр чамд юу хийснийг мартсан. Түүнээс ирэх бүх зүйлсийг чи үзэн ядаж эхэлсэн. Чи тэдгээрийг энхрийлэн хайрладаггүй эсвэл тэдгээрийн үнэ цэнийг мэддэггүй. Чи Төгс Хүчит Бурханы хангалтыг хүлээн авч эхэлсэн тэр өдрөөсөө эхлээд ёрын муу нэгэнтэй хамт алхсан. Чи болон ёрын муу нэгэн шуурган дундуур мянга мянган жилийг хамт тууллаа. Чи түүнтэй хамт өөрийн амийн эх сурвалж болох Бурханыг эсэргүүцсэн. Чи гэмшихээ больж, тэр ч бүү хэл мөхлийн цэгт очсон гэдгээ мэдээгүй. Ёрын муу нэгэн чамайг уруу татаж, нөлөөлдөө оруулсан гэдгийг чи мартсан; чи өөрийн гарал үүслийг мартсан. Яг тэрэнтэй адил, ёрын муу нэгэн таныг алхам алхмаар одоог хүртэл хохироож байгаа. Чиний зүрх сэтгэл болон сүнс минчүүрэн ялзарсан. Чи дэлхийн гуниг зовлонгийн талаар гомдоллохоо больж, дэлхий шудрага бус гэдэгт итгэхээ больсон. Чи Төгс Хүчит Бурханы оршин тогтнолыг ч ойшоохоо больсон. Учир нь ёрын муу нэгнийг чи өөрийн жинхэнэ аав хэмээн хүлээн зөвшөөрч түүнээс ангид байж чадахаа больсон. Энэ бол чиний зүрх сэтгэл дэх нууц.
Үүр цайх үед үүрийн цолмон зүүнээс манддаг. Энэ бол өмнө нь хэзээ ч тэнд байгаагүй од юм. Энэ нь одот тэнгэрийг гэрэлтүүлж, хүмүүсийн зүрх сэтгэл дэх унтарсан гэрлийг асаадаг. Энэ гэрэл буюу чам дээр болон бусад хүмүүс дээр гэрэлтэж байдаг гэрлийн улмаас хүмүүс ганцаардахаа больсон. Гэвч зөвхөн чи л харанхуй шөнө гүн нойрссон хэвээр. Чи дуу чимээ сонсож, гэрлийг харж чадахгүй, шинэ тэнгэр, шинэ газар, шинэ эрин үе ирж байгааг анзаарах чадваргүй. Учир нь чиний аав чамд “Миний үр битгий бос арай л эрт байна. Гадаа хүйтэн байна, дотор бай, сэлэм жад нүдийг чинь хатгахвий” гэдэг. Чи аавын зөв, тэр надаас ахмад, надад үнэхээр хайртай хэмээн итгэдэг учраас зөвхөн аавынхаа сургамжинд л итгэдэг. Ийм сургамж, ийм хайр чамайг энэ дэлхий дээр гэрэл байдаг тухай домогт итгэхгүй болгож, дэлхийд үнэн байгаа эсэх нь чамд хамаагүй болдог. Чи цаашид Төгс Хүчит Бурханаас ирэх авралд найдаж зүрхэлдэггүй. Чи байгаа байдалдаа сэтгэл хангалуун байж, айсуй гэрэлд найдахаа больж, домогт Төгс Хүчит Бурханы ирэлтийг ч хүлээхээ больдог. Чиний нүдээр бүхий л сайхан зүйлс ахин амилахаа эсвэл оршин тогтнохоо больдог. Чиний нүдээр хүн төрөлхтний маргааш болон ирээдүй үгүй болж мөхдөг. Чи аавынхаа хувцаснаас зуурч, хамтдаа зовоход бэлэн байж, өөрийн аяллын хамтрагчаа болон холын аяны зүг чигээ алдахаас айдаг. Энэ өргөн уудам бүрхэг дэлхий та нарын олонхыг, энэ дэлхий дээр өөр өөр үүргээ биелүүлэхдээ туйлбартай, зоригтой байхаар болгосон. Энэ нь үхлээс огтхон ч айдаггүй олон “дайчдыг” бий болгосон. Түүнээс ч илүүгээр энэ нь юуны төлөө бүтээгдсэнээ ч ойлгодоггүй минчүүрч саажсан баахан хүмүүсийг бий болгосон. Төгс Хүчит Бурханы нүд асар их зовж тарчлах хүн төрөлхтнийг харж, зовж буй хүмүүсийн уйлах дууг сонсож, хорлогдсон нэгний ичгүүргүй байдлыг харж, тэдний аргагүй байдлыг нь мэдэрч, авралаа алдсан хүмүүсийн айдсыг мэдэрч байгаа. Хүн төрөлхтөн Түүний хайр энэрлээс татгалзаж өөрсдийн замаар яван Түүний нүдэнд өртөхөөс зайлсхийдэг. Тэд дайсантайгаа хамт энэ гүнзгий далайн гашуун бүхнийг амсахыг илүүд үздэг. Төгс Хүчит Бурханы санаа алдалтыг сонсохоо ч больсон. Төгс Хүчит Бурханы гар энэ гаслант хүн төрөлхтөнд хүрэхийг хүсэхээ больсон. Тэр Өөрийн ажлаа давтаж, дахин дахин алдаж онож байгаа. Тэр үеэс хойш Тэр ядарч, залхаж байгаа, тиймээс Тэр Өөрийн гар дахь ажлаа зогсоож, хүмүүсийн дунд хэсүүчлэхээ больсон. … Хүмүүс эдгээр өөрчлөлтийг огтхон ч мэдээгүй, Төгс Хүчит Бурханы ирж явж байгааг мөн уй гашуу, гансралыг нь мэдээгүй.
Энэ дэлхий Төгс Хүчит Бурханы бодлоор Түүний нүдэн доор хурдан өөрчлөгдөж байгаа. Хүн төрөлхтний хэзээ ч сонсож байгаагүй зүйлс гэнэт ирэх боломжтой. Мөн, хүн төрөлхтний үргэлж эзэмшиж байсан зүйлс мэдэгдэлгүйгээр алга болж болно. Төгс Хүчит Бурханы хаана байгааг хэн ч төсөөлж чадахгүй, Төгс Хүчит Бурханы амийн хүч чадлын давуу тал болон агуу байдлыг хэн ч мэдэрч чадахгүй. Түүний давуу тал нь хүмүүсийн сэрж мэдэхгүй зүйлсийг Тэр хэрхэн ухамсарлаж чаддагт оршино. Түүний агуу байдал нь, хүмүүс Түүнээс татгалзсан ч Тэр хүн төрөлхтнийг хэрхэн аварч байгаад оршдог билээ. Тэр үхэл болоод амийн утга учрыг мэддэг. Түүнчлэн Тэр Өөрийн бүтээсэн хүн төрөлхтний амьдралын дүрэм журмыг мэддэг билээ. Тэр бол хүмүүний оршин тогтнолын үндэс, хүн төрөлхтний төлөө дахин амилах Золин аврагч юм. Тэр аз жаргалтай зүрхнүүдийн санааг зовинуулж, уй гашууд автсан зүрх сэтгэлүүдийг баяр хөөртэй болгодог. Энэ бүхэн бол Түүний ажил, Түүний төлөвлөгөөний төлөө юм.
Төгс Хүчит Бурханы амийн хангалтыг орхисон хүн төрөлхтөн яагаад оршин байгаагаа мэдэхгүй атлаа үхлээс айдаг. Ямар ч дэмжлэг, тусламж байхгүй боловч хүн төрөлхтөн нүдээ аних хүсэлгүй хэвээр бөгөөд энэ дэлхий дээр сэтгэлийн мөс чанаргүй бие махбодод өөдгүйгээр оршин тогтнож эрэмгийгээр амь зуусаар. Чи ямар ч итгэл найдваргүй ингэж амьдардаг; тэр ямар ч зорилгогүй ийнхүү оршин байдаг. Зөвхөн Ариун Нэгэн л Өөрийг нь ирэхийг цөхрөн хүлээж зовж гиншин уйлж байгаа хүмүүсийг аврахаар ирнэ гэж домогт гардаг. Ухамсаргүй хүмүүст энэхүү итгэл үнэмшил биелэгдэхгүй. Гэвч, хүмүүс түүнийг хүсэн тэмүүлж байдаг. Төгс Хүчит Бурхан гүнээ зовж шаналж байгаа эдгээр хүмүүст өршөөл үзүүлдэг. Үүний зэрэгцээ Тэр хүмүүсийн хариултыг хэтэрхий удаан хүлээсэн учраас эдгээр ухамсаргүй хүмүүсээс залхсан байгаа. Тэр эрж хайж, чиний зүрх сэтгэл болоод сүнсийг эрж хайхыг хүсдэг. Тэр чамайг цангааж, өлсгөхгүй байхын тулд чамд ус болон хоол авчирч чамайг сэрээхийг хүсдэг. Чи ядрах үедээ, энэ ертөнцийн эл хуль байдлыг мэдэрч эхлэх үедээ бүү цочирд, бүү уйл. Төгс Хүчит Бурхан, Ажиглагч чамайг ирэх үед тэврэн угтана. Тэр чиний хажуунаас харж, чамайг эргэж ирэхийг хүлээж байгаа. Чиний ой санамж гэнэт сэргэхийг Тэр хүлээж байгаа: Бурханаас ирсэн гэдгээ ухамсарлахыг, ямар нэг байдлаар, хаа нэгтээ гээгдэж, замын хажууд ухаанаа алдаж, өөрийн мэдэлгүйгээр “аавтай” болсон гэдгээ ухамсарлахыг чамаас хүсэж байгаа. Улмаар чи Төгс Хүчит Бурхан чамайг үргэлж харж, чамайг эргэж ирэхийг хүлээж байгаа гэдгийг ухаарна. Тэр хариултгүй хариуг хүлээж, гашуунаар хүсэн тэмүүлж байгаа. Түүний ажиглалт нь үнэлж баршгүй бөгөөд энэ нь хүмүүсийн зүрх сэтгэл болон сүнсний төлөө юм. Магадгүй энэ ажиглалт хязгааргүй эсвэл энэ нь төгсгөлдөө хүрч байж ч болох юм. Гэхдээ чи өөрийнхөө зүрх сэтгэл болоод сүнсийг одоо яг хаана байгааг мэдэж байх хэрэгтэй.
2003 оны Тавдугаар сарын 28

No comments:

Post a Comment