Бурханы ажил үргэлжлэн урагшилсаар байдаг ба хэдийгээр Түүний ажлын зорилго өөрчлөгддөггүй боловч Түүний ажилладаг арга барил үргэлж өөрчлөгдөж байдаг, энэ утгаараа Бурханыг дагадаг хүмүүс ч бас өөрчлөгддөг. Бурханы ажил хэдий чинээ их байна, хүн Бурханыг төдий чинээ нэгд нэггүй мэдэж авдаг бөгөөд хүний зан чанар Бурханы ажлын дагуу өөрчлөгддөг. Гэсэн хэдий ч Бурханы ажил үргэлжид өөрчлөгдөж байдаг учраас Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс болон үнэнийг мэддэггүй тэдгээр мулгуу хүмүүс Бурханы дайсан болдог.
Бурханы ажил хэзээ ч хүний үзэлтэй нийцэж байгаагүй, учир нь Бурханы ажил үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин биш билээ. Тэр хуучин ажлаа хэзээ ч давтан хийдэггүй харин үүний оронд өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийдэг. Бурхан өмнө нь хийснээ давтдаггүй харин хүн Бурханы өнөөдрийн ажлыг үргэлж Түүний өмнөх ажил дээр нь үндэслэн шүүдэг болохоор Бурханы хувьд, шинэ эрин үеийн ажлын үе шат болгоныг гүйцэтгэхэд туйлын хэцүү бэрх байдаг. Хүн хэтэрхий олон саад тотгор учруулдаг! Хүний сэтгэлгээ хэтэрхий явцуу! Бурханы ажлыг нэг ч хүн мэддэггүй, гэсэн атал бүгдээрээ ийм ажлыг тодорхойлдог. Бурханаас холдох тусам хүн амь, үнэн болон Бурханы ерөөлийг алддаг, гэсэн ч хүн, Бурханы хүн төрөлхтөнд хайрладаг илүү агуу ерөөлийг хүлээн зөвшөөрөх нь байтугай амийг ч, үнэнийг ч хүлээн зөвшөөрдөггүй. Бүх хүн Бурханыг олж авахыг хүсдэг атлаа Бурханы ажлын ямар ч өөрчлөлтийг тэвчиж чаддаггүй. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Бурханы ажил бол өөрчлөгдөшгүй бөгөөд Бурханы ажил үүрд зогсонги байдаг хэмээн итгэдэг. Тэдний итгэл үнэмшлээр бол Бурханы мөнхийн авралыг олж авахад хэрэгтэй бүхэн нь хуулийг мөрдөх явдал бөгөөд тэд гэмшиж, өөрсдийн нүглийг улайж байгаа цагт Бурханы зүрх сэтгэл үүрд хангалуун байх болно. Тэд, Бурхан бол зөвхөн хуулийн доорх Бурхан, хүний төлөө загалмайд цовдлогдсон Бурхан байж чадна гэсэн бодолтой байдаг; Бурхан Библиэс хэтрэн гарах ёсгүй, гарч чадахгүй гэдэг нь ч бас тэдний бодол юм. Яг эдгээр санал бодол нь тэднийг хуучны хуулиудад бат дөнгөлсөн ба хатуу чанд журмуудад хүлээтэй байлгадаг. Бурханы шинэ ажил ямар байх нь хамаагүй энэ нь зөгнөлүүдээр батлагдах ёстой ба ийм ажлын үе шат болгонд Түүнийг үнэн сэтгэлээсээ дагадаг хүмүүст ч бас илчлэл үзүүлэх болно, эс бөгөөс тэр ажил Бурханых байж таарахгүй гэдэгт бүр ч олон хүмүүс итгэдэг. Хүний хувьд Бурханыг мэдэж авна гэдэг огтоос амар хялбар зүйл биш юм. Дээр нь нэмээд хүний хөгийн зүрх сэтгэл болон түүний өөрийгөө чухалчилдаг, биеэ тоосон, тэрслүү уг чанарыг авч үзвэл хүний хувьд Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх нь бүр ч илүү хэцүү билээ. Хүн Бурханы шинэ ажлыг анхааралтай судалдаггүй мөн үүнийг даруухнаар хүлээн зөвшөөрдөггүй; харин ч хүн басамжилсан хандлага баримталж, Бурханы илчлэл болон удирдамжийг хүлээж байдаг. Бурханы эсрэг тэрсэлдэг, эсэргүүцдэг хүний ааш авир ийм биш гэж үү? Ийм хүмүүс яаж Бурханы зөвшөөрлийг хүртэж чадах юм бэ?
Еховагийн ажил Нигүүлслийн эрин үед хоцорсон гэж Есүс тухайн үед мэдэгдэж байсан, үүний адилаар өнөөдөр Би Есүсийн ажил хоцрогдсон гэж хэлдэг. Хэрвээ зөвхөн Хуулийн эрин үе байсан бөгөөд Нигүүлслийн эрин үе байгаагүй бол Есүс цовдлогдохгүй байх байсан, мөн бүх хүн төрөлхтнийг золин аварч чадахгүй байх байсан юм; хэрвээ зөвхөн Хуулийн эрин үе байсан бол хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл хөгжиж чадах байсан гэж үү? Түүх урагшилсаар байдаг; түүх бол Бурханы ажлын байгалийн хууль биш гэж үү? Энэ нь бүхий л орчлон ертөнц даяар хүнийг удирдах Түүний удирдлагын дүрслэл биш гэж үү? Түүх урагш ахисаар байдаг, иймээс Бурханы ажил ч мөн адил бөгөөд Бурханы хүсэл тасралтгүй өөрчлөгдөж байдаг. Ажлын ганцхан үе шатыг зургаан мянган жилийн турш хадгалах нь Бурханы хувьд байж болшгүй бөгөөд учир нь Тэр үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүйг бүх хүн мэддэг билээ. Тэрээр цовдлолтой адил төстэй ажлыг үргэлжлүүлэн хадгалж, нэг, хоёр, гурван удаа загалмайд цовдлогдож яавч чадахгүй. Энэ бол мулгуу хүний ойлголт юм. Бурхан нэг хэвийн ажлыг хадгалдаггүй бөгөөд Би ч гэсэн та нарт өдөр бүр шинэ үг хэлж, шинэ ажил хийдэгтэй адилаар Түүний ажил үргэлжид өөрчлөгдөж, үргэлж шинэ байдаг. Энэ бол Миний хийдэг ажил, үүний гол түлхүүр нь “шинэ” агаад “гайхалтай” хэмээх үгсэд оршдог. “Бурхан бол өөрчлөгдөшгүй, Бурхан үргэлжид Бурхан л байх болно”; энэ үг бол гарцаагүй үнэн. Бурханы мөн чанар өөрчлөгддөггүй, Бурхан үргэлж л Бурхан байх ба Тэр хэзээ ч Сатан болохгүй, гэхдээ Түүний ажил Түүний мөн чанартай адил хувиршгүй агаад өөрчлөгдөшгүй гэдгийг энэ нь батлахгүй. Бурхан бол ийм гэж чи зарладаг боловч Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй гэдгийг чи хэрхэн тайлбарлах вэ? Бурханы ажил тасралтгүй түгэж, байнга өөрчлөгдөж байдаг ба Бурханы хүсэл үргэлж илэрхийлэгдэж, хүнд мэдэгдэж байдаг. Бурханы ажлыг мэдэрч туулангаа хүний зан чанар тасралтгүй өөрчлөгддөг, мөн түүний мэдлэг тасралтгүй өөрчлөгддөг. Тэгвэл хаанаас энэхүү өөрчлөлт гарч байгаа юм бэ? Энэ нь Бурханы үргэлжид өөрчлөгдөх ажлаас гарч байгаа биш гэж үү? Хэрвээ хүний зан чанар өөрчлөгдөж болдог юм бол Миний ажил, Миний үг ч бас тасралтгүй өөрчлөгдөхийг хүн яагаад зөвшөөрч чаддаггүй юм бэ? Би хүний хязгаарлалтанд захирагдах ёстой гэж үү? Чи зүгээр л бодлогогүй хандаж байгаа биш гэж үү?
Дахин амилсныхаа дараа Есүс шавь нартаа харагдаж, “Харагтун, Би та нарт Эцэгийнхээ амлалтыг илгээнэ: харин та нар дээрээс ирэх хүч чадлыг хүртэх хүртлээ Иерусалим хотод үлд” хэмээн хэлсэн байдаг. Эдгээр үгийг хэрхэн тайлбарлахыг чи мэдэх үү? Чи одоо Түүний хүч чадлыг хүртсэн үү? Юуг хүч чадал гэж нэрлэдгийг чи одоо ойлгосон уу? Эцсийн өдрүүдэд хүнд үнэний Сүнсийг хайрлах болно гэж Есүс тунхагласан. Одоо үе бол эцсийн өдрүүд; харин чи үнэний Сүнсийг эзэмшиж байгаа юу? Үнэний Сүнс хаана байгаа вэ? Тэдгээр ариун бус сүнс, муу ёрын сүнснүүд нь үнэний Сүнс мөн үү? Тэдэнд амийн хангалт байтугай шударга ёс ч байхгүй, өчүүхэн төдий ч шинэ ажил хийлгүйгээр хуучны хуулиудыг мөрддөг. Тэд үнэний Сүнс мөн гэж үү? Тэдэнд амь, үнэн, зам байгаа юу? Тэд дэлхий ертөнцөөс тусдаа гарч ирсэн үү? Библийг муйхарлан баримталдаг, Есүсээс ягштал зууралддаг та нар Есүсийн ажил болон үгийг нь дагасан уу? Та нар Есүст хэр үнэнч вэ? Хуучин гэрээний үеийн Исаиагийн хамгийн агуу зөгнөлийн номонд Есүс хэмээх хүүхэд Шинэ гэрээний эрин үед төрнө гэж огт дурдаагүй, харин Иммануел нэртэй эрэгтэй хүүхэд төрөхийг л цухас дурдсан байдаг. Яагаад тэр Есүс гэдэг нэрийг онцлоогүй вэ? Хуучин Гэрээний хаана ч энэ нэр харагддаггүй, тэгвэл чи яагаад Есүст итгэсээр байдаг юм бэ? Түүнд итгэхээсээ өмнө чи Есүсийг мэдээж өөрийн нүдээр хараагүй биз дээ? Эсвэл чи илчлэл хүлээн авсан болохоор итгэж эхэлсэн юм уу? Бурхан чамд үнэхээр тийм нигүүлслийг харуулах болов уу? Тэгээд чамд тийм агуу ерөөл хайрлана гэж үү? Чи ямар үндсэн дээр Есүст итгэсэн бэ? Тэгвэл чи, Бурхан өнөөдөр махбод болсон гэдэгт яагаад итгэдэггүй юм бэ? Чамд Бурханаас ирсэн илчлэл байхгүй байгаа нь Тэр махбод болоогүй гэдгийг баталж байна гэж чи яагаад хэлдэг юм бэ? Бурхан Өөрийн ажлыг эхлүүлэхийн өмнө хүнд хэлэх ёстой гэж үү? Тэр эхлээд хүний зөвшөөрлийг авах ёстой гэж үү? Исаиа эрэгтэй хүүхэд тэжээлийн онгоцонд төрнө гэдгийг л тунхагласан боловч Мариа Есүсийг төрүүлнэ гэдгийг хэзээ ч зөгнөөгүй юм. Тэгвэл чи яагаад Мариагийн төрүүлсэн Есүст итгэсэн юм бэ? Чиний итгэл мэдээж тодорхойгүй байдал болон төөрөгдлийн нэг байж таарахгүй! Зарим нь Бурханы нэр өөрчлөгддөггүй гэж хэлдэг ч тэгвэл яагаад Еховагийн нэр Есүс болсон юм бэ? Мессиагийн ирэлтийн талаар зөгнөгдсөн мөртлөө яагаад Есүс гэдэг нэртэй хүн ирсэн юм бэ? Бурханы нэр яагаад өөрчлөгдсөн бэ? Ийм ажил аль эрт хийгдээгүй гэж үү? Бурхан өнөөдөр шинэ ажил хийж болохгүй гэж үү? Өчигдрийн ажил ч өөрчлөгдөж болох бөгөөд Есүсийн ажил Еховагийн ажлаас үргэлжлэн хийгдэж болно. Тэгвэл Есүсийн ажлыг өөр нэг ажил залгамжилж болохгүй гэж үү? Хэрвээ Еховагийн нэр Есүс болж өөрчлөгдөж болсон юм бол Есүсийн нэр бас өөрчлөгдөж болохгүй гэж үү? Энэ нь тийм ч ер бусын зүйл биш бөгөөд өөрсдийн явцуу бодлын улмаас л хүмүүс ингэж боддог[a]. Бурхан үргэлж Бурхан байх болно. Түүний ажил болон Түүний нэрэн дэх өөрчлөлтөөс үл хамааран Түүний зан чанар, мэргэн ухаан нь үүрд өөрчлөгдөшгүй хэвээр үлдэнэ. Хэрвээ чи, Бурханыг зөвхөн Есүсийн нэрээр дуудаж болно гэж итгэдэг бол хэтэрхий багыг мэддэг юм байна. Чи, Есүс гэдэг нь үүрд Бурханы нэр байж, Бурхан үүрд мөнхөд Есүс гэсэн нэртэй байх ба энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж баталж зүрхлэх үү? Есүсийн нэр Хуулийн эрин үеийг төгсгөсөн бөгөөд эцсийн эрин үеийг бас төгсгөдөг гэдгийг чи итгэлтэйгээр баталж зүрхлэх үү? Есүсийн нигүүлсэл эрин үеийг төгсгөж чадна гэж хэн хэлж чадах юм бэ? Хэрвээ одоо эдгээр үнэнийг тодорхой мэдэж чадахгүй бол чи сайн мэдээг тунхаглах чадваргүй байгаад зогсохгүй өөрөө ч гэсэн бат зогссоор байж чадахгүй. Чи шашны хүмүүсийн бүх бэрхшээлийг шийдэж, тэдний бүх эндүүрлийг няцаах өдөр ирэх үед чи ажлын энэ үе шатыг туйлын сайн мэддэг бөгөөд чамд өчүүхэн төдий ч эргэлзээ байдаггүй гэдгийг энэ нь батлах юм. Хэрвээ чи тэдний эндүүрлийг няцааж чадахгүй бол тэд чамайг гүтгэж, доромжлох болно. Энэ нь гутамшигтай биш гэж үү?
Тухайн үеийн Иудейчүүд бүгд Хуучин Гэрээг уншсан бөгөөд эрэгтэй хүүхэд тэжээлийн онгоцонд төрнө гэдгийг Исаиагийн зөгнөлөөс мэдэж байсан. Тэгвэл ийм мэдлэгтэй байсан атлаа тэд яагаад Есүсийг хавчин шахсан юм бэ? Энэ нь тэдний тэрслүү уг чанар болоод Ариун Сүнсний ажлыг мэддэггүйгээс нь болоогүй гэж үү? Тухайн үед Фарисайчууд, зөгнөгдсөн эрэгтэй хүүхдийн талаар тэдний мэддэг зүйлээс Есүсийн ажил өөр байна гэж итгэсэн; харин өнөөдрийн хүмүүс, бие махбодтой болсон Бурханы ажил Библитэй нийцдэггүй учраас Бурханыг голдог. Тэдний Бурханд тэрслэх тэрслүү байдлын мөн чанар нэгэн адил биш гэж үү? Чи Ариун Сүнсний бүх ажлыг туйлын хүлээн зөвшөөрдөг байж чадах уу? Хэрвээ энэ нь Ариун Сүнсний ажил бол энэ нь зөв урсгал юм. Чи юуг нь хүлээн зөвшөөрөхөө шилж сонгохын оронд үүнийг өчүүхэн төдий ч сэжиггүйгээр хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрвээ чи Бурханаас зарим нэг мэдлэгийг олж авч, Түүний эсрэг тодорхой хэмжээгээр болгоомжилсон бол энэ нь үнэхээр шаардлагагүй үйлдэл биш гэж үү? Чиний хийх учиртай зүйл бол, Ариун Сүнсний ажил мөн л бол ямар ч ажлыг Библийн нэмэлт баталгаа нотолгоогүйгээр хүлээн зөвшөөрөх явдал юм, учир нь чи Бурханыг мөрдөн шалгахын тулд биш харин Түүнийг дагахын тулд Бурханд итгэдэг билээ. Би бол чиний Бурхан мөн гэдгийг харуулах нэмэлт нотолгоог чи хайх ёсгүй. Үүний оронд чи, Би чамд ашиг тустай юу гэдгийг ялган таних учиртай; тэр бол гол зүйл. Чи Библийн дотроос маргашгүй нотолгоо ихийг олсон байсан ч гэсэн энэ нь чамайг Миний өмнө бүрэн дүүрэн авчирч чадахгүй. Чи бол Миний өмнө биш харин Библийн зах хязгаар дотор амьдардаг нэгэн; Намайг мэдэхэд Библи чамд тусалж чадахгүй, мөн энэ нь Намайг гэсэн чиний хайрыг ч гүнзгийрүүлж чадахгүй. Хэдийгээр Библид эрэгтэй хүүхэд төрнө гэдгийг зөгнөсөн ч, хэн дээр уг зөгнөл биелэхийг хэн ч ухан ойлгож чадаагүй, учир нь хүн Бурханы ажлыг мэддэггүй бөгөөд энэ нь Фарисайчуудыг Есүсийн эсрэг зогсоход хүргэсэн юм. Миний ажил хүний ашиг сонирхлын төлөө байдаг гэдгийг зарим нь мэддэг боловч тэд Есүс бид хоёрыг бие биетэйгээ үл нийцэх, бүрэн салангид хоёр оршихуй гэдэгт итгэсээр байдаг. Нигүүлслийн эрин үед Есүс шавь нартаа, хэрхэн хэрэгжүүлэх, хэрхэн цугларах, хэрхэн залбирал үйлдэх, бусдад хэрхэн хандах гэх мэтийн хэдэн цуврал сургаалыг л айлдсан. Түүний гүйцэтгэсэн ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажил байсан бөгөөд шавь нар нь болон Түүнийг дагаж байсан хүмүүс хэрхэн хэрэгжүүлэх учиртай талаар л Тэр нарийвчлан тайлбарласан. Тэр эцсийн өдрүүдийн нэг ч ажлыг хийгээгүй бөгөөд зөвхөн Нигүүлслийн эрин үеийн ажлыг л хийсэн юм. Ехова Хуулийн эрин үед Хуучин Гэрээний хуулийг тогтоох үедээ яагаад Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийгээгүй юм бэ? Яагаад Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг урьдчилан тодорхой болгоогүй юм бэ? Тэгвэл энэ нь хүн хүлээн зөвшөөрөхөд нэмэртэй байх байсан биш гэж үү? Тэрээр эрэгтэй хүүхэд төрж эрх мэдэлд хүрнэ гэдгийг л зөгнөсөн боловч Нигүүлслийн эрин үеийн ажлыг урьдчилан гүйцэтгээгүй юм. Эрин үе бүр дэх Бурханы ажил тодорхой зааг хязгаартай байдаг; Тэр зөвхөн тухайн эрин үеийн ажлыг хийдэг бөгөөд ажлын дараагийн үе шатыг хэзээ ч урьдчилан гүйцэтгэдэггүй. Зөвхөн ийм байдлаар эрин үе болгон дахь Түүний бэлгэдлийн ажил илүү анзаарагдахуйц болдог. Есүс зөвхөн эцсийн өдрүүдийн тэмдгүүдийн талаар, хэрхэн тэвчээртэй байж, хэрхэн аврагдах тухай, хэрхэн гэмшиж, нүглээ улайх, мөн хэрхэн загалмайг үүрч, зовлонг тэвчих талаар ярьсан; Тэрээр, хүн эцсийн өдрүүдэд юунд орж эсвэл хэрхэн Бурханы хүслийг хангалуун болгохоор эрж хайх ёстой талаар хэзээ ч яриагүй. Ийм байхад эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг Библи дотроос хайх нь эндүү ташаа үйл биш гэж үү? Гартаа зүгээр л Библи барьснаар чи юуг ялган таньж чадах юм бэ? Библийн тайлбарлагч эсвэл номлогчийн аль нь ч бай, хэн өнөөдрийн ажлыг урьдаас мэдэж чадах юм бэ?
“Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун.” Та нар одоо Ариун Сүнсний үгсийг сонссон уу? Бурханы үгс та нарт ирсэн. Та нар тэдгээрийг сонсож байна уу? Бурхан эцсийн өдрүүдэд үгний ажил хийдэг бөгөөд тийм үгс нь Ариун Сүнсний үг юм, учир нь Бурхан бол Ариун Сүнс бөгөөд махбодтой болж бас болно; тиймээс өнгөрсөнд хэлсэн Ариун Сүнсний үгс нь өнөөдрийн бие махбодтой болсон Бурханы үгс юм. Ариун Сүнсний үгс тэнгэрээс буун ирж хүний чихэнд хүрэх учиртай гэж итгэдэг олон мулгуу хүмүүс бий. Ийм байдлаар бодож байгаа хэн боловч Бурханы ажлын талаар мэддэггүй. Үнэн хэрэгтээ, Ариун Сүнсний хэлсэн айлдварууд нь махбод болсон Бурханы хэлсэн зүйл юм. Ариун Сүнс хүнтэй шууд ярьж чадахгүй ба Хуулийн эрин үед ч гэсэн Ехова хүмүүстэй шууд яриагүй. Тэгвэл өнөөдрийн энэ эрин үед Түүний шууд ярих магадлал бүр ч бага биш гэж үү? Бурхан ажлаа гүйцэтгэхийн тулд үг хэлдэг учраас Тэр махбод болох ёстой, эс бөгөөс Түүний ажил зорилгоо биелүүлж чадахгүй. Бурхан махбод болдгийг үгүйсгэдэг хүмүүс бол Сүнсийг эсвэл Бурханы ажилладаг зарчмуудыг мэддэггүй хүмүүс юм. Одоо үе бол Ариун Сүнсний эрин үе гэдэгт итгэдэг атлаа Түүний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бол тодорхойгүй итгэлээр амьдарч буй хүмүүс юм. Ийм байдалтай хүмүүс хэзээ ч Ариун Сүнсний ажлыг олж авахгүй. Шууд ярьж, Өөрийн ажлыг гүйцэтгэхийг Ариун Сүнснээс хүсдэг атлаа бие махбодтой болсон Бурханы үг болон ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс хэзээ ч шинэ эрин үед хөл тавьж, Бурханы бүрэн авралыг хүлээн авч чадахгүй!
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
No comments:
Post a Comment