Хүний амьдралын зургаан онцгой үе
Амьдралынхаа явцад хүн бүр хэд хэдэн шийдвэрлэх онцгой үе дээр ирдэг. Эдгээр нь хүний амьдралын хувь заяаг тодорхойлдог хамгийн үндсэн, хамгийн чухал алхмууд билээ. Дараах зүйлс нь амьдралынхаа явцад хүн бүхний туулах ёстой эдгээр чухал үеүдийн товч тайлбар юм.
Төрөлт: Эхний онцгой үе
Хүн хаана төрсөн, тэр ямар гэр бүлд төрсөн, хүний хүйс, дүр төрх болон төрсөн цаг: эдгээр нь хүний амьдралын эхний онцгой үеийн нарийн зүйлс юм.
Энэ онцгой үеийн эдгээр хэсгийн талаар хэнд ч, ямар ч сонголт байдаггүй; тэдгээрийг Бүтээгч бүгдийг нь аль хэдийнээ урьдчилан тогтоосон байдаг. Тэдгээрт гадаад орчин ямар нэгэн байдлаар нөлөөлдөггүй ба Бүтээгчийн урьдаас тогтоосон эдгээр баримтыг хүний бүтээсэн ямар ч хүчин зүйл өөрчилж чадахгүй. Хүн төрнө гэдэг бол тухайн хүнд зориулан зохицуулсан хувь заяаных нь эхний алхмыг Бүтээгч аль хэдийн биелүүлсэн гэсэн үг юм. Энэ бүх нарийн зүйлийг Тэр аль хэдийн урьдаас тогтоосон учраас тэдгээрийн аль нэгийг өөрчлөх хүч хэнд ч байхгүй. Хүний цаашдын хувь заяанаас үл хамааран хүний төрөх нөхцөлүүд урьдаас тогтоогдсон байдаг ба тэр хэвээрээ үлддэг; тэдгээрт хүний амьдралын хувь заяа ямар нэгэн байдлаар нөлөөлдөггүй, мөн тэдгээр нь үүнийг захирах Бүтээгчийн дээд эрхэнд ямар нэг байдлаар нөлөөлдөггүй.